Лондон хотноо 17 дахь жилдээ уламжлал болон зохион байгуулагдаж байгаа дэлхийн уул уурхайн салбарынхны “Mines and Money London 2019” олон улсын чуулга уулзалтад УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар болон холбогдох албаныхан оролцлоо. Энэхүү чуулга уулзалт бол уул уурхайн салбарын ололт амжилтыг бататгахын зэрэгцээ төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагаа өргөжүүлэх боломжийг олгодог юм. 

Чуулга уулзалтад олон улсын 2000 гаруй оролцогчид чуулсан байна. УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар энэ удаагийн чуулга уулзалтаар Монголын Засгийн газрын уул уурхайн салбарт баримталж байгаа бодлого, хөгжлийн цаашдын чиг хандлагыг танилцууллаа. Тэрбээр “Монгол Улсын Засгийн газраас хариуцлагатай, ил тод, байгаль орчинд ээлтэй-ногоон, оролцоог хангасан, тэгш хуваарилалт бүхий уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Уул уурхайн салбар нь манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 24%, аж үйлдвэрийн салбарын 72%, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 70%, нийт экспортын 89%-ийг бүрдүүлдэг эдийн засгийн чухал салбар юм. Монгол Улсад хууль, дүрэм, журмууд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг ялгалгүйгээр тэгш үйлчилдэг. Татварын орчны хувьд олон улсад өрсөлдөх чадвартай. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн хүрээнд тогтворжуулах гэрчилгээ олгох, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах замаар татварын хувь хэмжээг тогтворжуулдаг. Цаашид бид салбарын хуулиудын давхардал хийдлийг арилгах тал дээр дахин ажиллаж байгаа” гэлээ.

Мөн дэлхийн хэмжээний нүүрсний орд болох Тавантолгой, Эрдэнэс Монгол ХХК, хувийн хэвшлийн төлөөлөл Эрдэнэ Ресурс Дэвэлопмент Корпораци танилцуулгаа хийсэн байна.

Эх сурвалж: УУХҮЯам

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here