Монгол-Германы эдийн засгийн чуулган “Эдийн засгийн өдөр” нэртэйгээр өнөөдөр “Шангри-Ла” зочид буудалд боллоо.

Чуулганд Конрад-Аденауер сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Йоханн Фурманн, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ёорн Розенберг нар оролцож манай улсад айлчилж буй тус улсын Бундестагийн гишүүн Др.Стефан Кауфманн “Инновац болон судалгааг төрөөс дэмжих нь” сэдвээр илтгэл тавьсан юм.

Тэрээр Монгол, Германы эдийн засгийн харилцааг хөгжүүлэх орон зай байгааг онцолж байлаа. “Герман улс ДНБ-ийхээ гурван хувийг инновац болон судалгаа шинжилгээнд зарцуулдаг. Энэ үзүүлэлтийг 2025 онд 3.5 хувь болгохоор зорьж байна. Монгол Улс шинжлэх ухааны салбарт ДНБ-ийхээ 0.2 хувийг зарцуулдаг гэсэн. Тэгэхээр цаашдаа Монгол Улс энэ чиглэлд анхаарч, хөгжүүлэх илүү боломж байна гэж үзэж байна.

Германы томоохон компаниуд аж үйлдвэрлэлийн дараагийн шатанд орохоор ажиллаж байна. Өнгөрсөн жил Засгийн газраас боловсролын салбарт таван тэрбум еврогийн төсөв гаргаж, сургуулиудад дижитал боловсролыг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Мөн энэ чиглэлээр багшлах мэргэжилтнийг төрөөс бэлтгэж байгаа. Бидний анхаарч буй чиглэл бол хиймэл оюун ухаан. Энэ нь эдийн засгийн хөгжилд түлхэц үзүүлэх салбар болох учраас 100 гаруй багшийг бэлтгэж байна” гэсэн юм.

Чуулганы үеэр Монгол Улсын эдийн засгийн хэтийн төлөвийг УИХ-ын гишүүн Ц.Гарамжав танилцуулсан юм. Түүний илтгэлд “Монгол Улсын экспортын барааг бүлгээр нь хуваарилахад 86.6 хувийг эрдэс баялгийн бүтээгдэхүүн эзэлж байна .Манай бүтээгдэхүүний гол худалдан авагч улс бол БНХАУ юм. Харин Европын орнууд 4.7 хувийг, Европын холбооны гишүүн улсууд 3.1 хувийг худалдан авдаг” гэж байв.

Ийнхүү чуулганд оролцогсод “Дижиталчлал, автоматжуулалт болон аж үйлдвэрийн 4-р хувьсгал” сэдвийн хүрээнд илтгэл сонсож хэлэлцүүлэг өрнүүллээ. Шинэ бүтээл инновац болон судалгааг төр засгаас дэмжих нь Монгол Улсын эдийн засгийн хэтийн төлөв, хөгжиж буй орон дахь цахимжуулалт, хиймэл оюун ухааны ач холбогдлыг гаргана. Дижитал технологи нь хоёр орны эдийн засгийн харилцааны боломж болох юм гэдгийг хэлэлцүүлгийн үеэр онцолж байв.

Чуулганы талаар Герман-Монголын бизнес эрхлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Ребекка Шмүйкинг, “Хэлэлцүүлгийн үр дүнд Монгол-Германы бизнес эрхлэгчид шинэ мэдээлэл олж авч, хамтран ажиллах ямар боломж нөхцөл байгааг олж харах байх. Манай хоёр улс хамтарч, уул уурхайн салбарт нэлээд төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Бид аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын чиглэлээр техник технологиудын тусламжийг оруулж ирж байгаа” гэв.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here