Агаарын бохирдлыг бууруулахын тулд энэ тавдугаар сарын 15-наас нийслэлд түүхий нүүрс оруулж ирж хэрэглэхийг хориглох талаар Засгийн газраас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлж эхэлнэ.

Түүхий нүүрсний оронд сайжруулсан, шахмал түлшийг худалдаанд гарахаар 10 гаруй компани үйлдвэрлэж ачилт, тээвэрлэлтийг зохицуулж нөөцөлж байна. Түүнчлэн сайжруулсан түлшийг нийлүүлэхдээ картын системийг ашиглах талаар Бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос мэдээллээ.

Иргэд сайжруулсан түлшийг 540 орчим цэгээс картаар авна. Ингэхдээ хүссэн хэмжээгээр бус, одоогийн байдлаар 2-6 тонны түлш авах эрхтэй карт гаргахаар төлөвлөжээ. Картаа автобусны болон худгаас ус авдаг карт шиг цэнэглэнэ. Сайжруулсан түлш нь 25, 600, 900 кг болон нэг тонноор савласан, тонныг нь 150 мянган төгрөгөөр борлуулах юм байна.

Түүхий нүүрсийг нийслэлд нэвтрүүлэхгүй байх үүднээс цагдаагийн байгууллагаас 58 хүнтэй тусгай нэгж байгуулан, Морингийн даваа, Тахилт, Гачуурт, Налайхад нэмэлт явуулын пост гарган хянаж байна. Харин нийслэлийн гэр хорооллын айлуудыг сайжруулсан түлш хэрэглэх талаарх төвийн зургаан дүүргийн хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч нар мэдээлэл өгч, хянан ажиллаж байна.

Нийслэлийн хэмжээнд өвөл 1.2 сая тонн түүхий нүүрс хэрэглэдэг. Тэгвэл шахмал түлш хэрэглэдэг болсноор түүхий нүүрсний хэрэглээг хоёр дахин бууруулж, агаарын бохирдлыг 30-40 хувь бууруулах тооцжээ. 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here