Засгийн газрын ээлжит хуралдаанаар Байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн аманд барих асуудлыг дэмжиж, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд газар ашиглуулах гэрээ байгуулан хамтарч ажиллахыг холбогдох албаныханд даалгав.

Тодруулбал, тус музейн барилгын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай техникийн нөхцөл, зөвшөөрлийг холбогдох хууль, журмын дагуу олгож дэмжлэг үзүүлж ажиллахыг сайд Н.Цэрэнбат, Х.Баделхан, Ц.Даваасүрэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нарт үүрэг болголоо. Байгалийн түүхийн музейг 1924 онд Үндэсний музей нэртэйгээр байгуулжээ. Музейн барилгыг 1955 онд Хөдөө аж ахуйн техникумын зориулалттай анх барьсан бөгөөд ашиглалтын хугацаа нь бүрэн дууссан юм. Улмаар 2013 оны тавдугаар сараас Байгалийн түүхийн музейн олон нийтэд үйлчлэхээ зогсоогоод байгаа юм.  

Мөн өнөөдрийн хуралдаанаар байгууллага, аж ахуйн нэгжүүд ажилтан, албан хаагчид, оюутан багш, суралцагчдын нийгмийн  асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор өөрийн санахүүжилтээр цэцэрлэг байгуулах санаачилгыг дэмжихыг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа. Мөн салбар бүлэг нэмэх, зуны цэцэрлэг ажиллуулахад шаардлагатай мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх ажлыг зохион байгуулах, шинээр орон сууцны хороолол барих зөвшөөрөл олгохдоо сургууль, цэцэрлэгийг хамтад нь барих стандарт мөрдөхийг үүрэг болгов.

Товч мэдээ:

– Мал эмнэлгийн ерөнхий газрын харъяаны “Биокомбинат” улсын төсөвт үйлдвэрийн газрыг төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болгон өөрчиллөө.

–  Худалдан авах ажиллагааг яаралтай байгуулж, ирэх сарын 30-ны дотор гүйцэтгэгчтэй гэрээ хийж, хэрэгжилтэд хяналт тавихыг Төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгав. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас зохион байгуулах төсөл, хөтөлбөрийн зураг төсөл, ТЭЗҮ зэргийг  энэ сарын 06-ны дотор тус газарт хүргүүлэхийг үүрэг болголоо.

– 2018 оныг дуустал орон нутгийн төсвөөс олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж болон бусад хөнгөлөлт, тусламжийн өр төлбөрийг эхний хагас жилд багтаан орон нутгийн нэмэлт орлого, хэмнэсэн зардлаас барагдуулахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов. 2018 оны эцийн байдлаар найман дүүрэг, 10 аймгийн халамжийн сангийн төсөв 7 тэрбум төгрөгийн өр төлбөртэй гарчээ.

– Газрын ховор элементийн хайгуул, олборлолт, ашиглалтын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, эдийн засгийн үр ашгийг тооцох судалгаа хийх үүрэгтэй төслийн нэгж байгуулахыг УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазарт зөвшөөрөв. Манай улс 10 тэрбум ам.долларын үнэ цэнэ бүхий газрын ховор элементтэй гэсэн тойм тооцоог Дэлхийн банк гаргасан байна.

– “Үндэсний геомэдээллийн сан” хөтөлбөрийг батлав. Хөтөлбөрийг таван жил хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн Үндсэн чиглэл, улсын төсөвт тусгаж, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжаас гаргана. 

– БНХАУ-ын Манжуур хотод Монгол Улсын Консулын газар нээх тухай УИХ-ын тогтоолыг дэмжиж, өргөн мэдүүлэхээр болов. Энэ нь тус хот болон Сүмбэр-Рашаан, Хавирга-Ар хашаат, Баянхошуу-Өвдөг, Ханги-Мандал боомтоор зорчиж байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах, тэдэнд Консулын үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх зороилготой юм. Өнгөрсөн онд дээрх боомтуудаар давхардсан тоогоор 260 орчим мянган иргэн дамжиж, Манжуурт зорчжээ.

– Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

– “Токио-2020” зуны олимп, паралимпийн наадамд оролцох бэлтгэл хангах, Монгол Улсад зохион байгуулагдах “Азийн хүүхдүүд-2020” олон улсын спортын наадам, 2023 оны Зүүн Азийн залуучуудын спортын наадамд ашиглах зориулалтаар импортоор оруулах бараа, тоног төхөөрөмж, хэрэглэлийг Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here